Мэдээ мэдээлэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Инфографик
Сошиал постер
Видео мэдээ
Фото мэдээ
FACEBOOK

Э.Алтанхуяг: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид цагдаа руу өргөдлөө барьж ирдэггүй

2024/06/10

ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Алтанхуягтай ярилцав. Тус хэлтэс хүн худалдаалах гэмт хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дагнан явуулдаг юм. 

-Сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид арга хэлбэрээ хурдацтай өөрчилж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Сүүлийн гурван жилд энэ төрлийн гэмт хэргийг манай улсын хаана илүүтэй үйлдэв гээд судлахад нийслэлийн Налайх, Багануур дүүргүүд болон Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь аймгийн иргэд хүн худалдаалах гэмт хэрэгт илүү өртжээ. Бид 2023 онд БНХАУ-аас нэг, БНЛАУ-аас 11, Тайландын хаант улсаас нэг, нийт 13 иргэнийг ГХЯ-ны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран эх оронд нь аюулгүй авчирлаа.

Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид сүүлийн үед цахим орчинд хуурамч зар түгээх замаар ар гэрийн хараа хяналт сул хүүхэд залуус руу чиглэх болсон. Өндөр цалинтай ажилд зуучилна, гэрээгээр ажилд явуулна гэх мэт хуурамч зарыг түгээдэг. Хүмүүс үүнд нь хууртан гэмт хэргийн хохирогч болсоор байна. 

Улсын ерөнхий прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тушаалаар гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах харьяалал тогтоохыг баталсан юм. Үүнд заасны дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3-т заасан бэлгийн мөлжлөг, 13.1-т заасан хүн худалдаалах, 15.13-т заасан хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах, 15.6-д заасан бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах гэмт хэргүүдийг манай хэлтэс улсын хэмжээнд мөрдөн шалгаж байна.

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын, ХЗДХЯ-ны ажил үүрэг биш. Эмч, багш, ээж аавууд, асран хамгаалагчид, нийгмийн ажилтнууд гээд олон хүний оролцоо хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тээврийн цагдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, өсвөр насны хүүхдүүдийг суулгасан машиныг зогсоон шалгаад сэжигтэй байсан тул зохих газарт нь мэдэгдсэнээр тэдгээр хүүхдүүдийг хохирогч болохоос хамгаалж чадсан тохиолдол бий.

Хохирогч нар ихэвчлэн ар гэрийн хараа хяналт сул, өсвөр насныхан байна. Мөн хохирогчид цагдаад өөрсдөө өргөдлөө барьж ирдэггүй. Учир нь тэд гэмт этгээдийн заналхийлэлд өртсөн байдаг. “Чи цагдаад өргөдөл гаргавал бичлэгийг чинь задална, чамайг хүнтэй дотно харилцаатай байсныг ил болгоно” гэх зэргээр дарамталдаг. Энэ гэмт хэргийг ихэвчлэн нууц, далд аргаар үйлддэг. 2023.01.01-нээс өнөөдрийг хүртэл бид 25 холбогдогч, 27 хохирогчтой 16 гэмт хэргийг илрүүллээ.

2023 онд БНХАУ-аас нэг, БНЛАУ-аас 11, Тайландын хаант улсаас нэг, нийт 13 иргэнийг ГХЯ-ны Консулын газар, Тагнуулын ерөнхий газар, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-тай хамтран эх оронд нь аюулгүй авчирлаа.

Багш нарын үүрэг оролцоо ч энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд их чухал. Багш нар хичээлийн болон хичээлийн бус цагаар хүүхдүүдэд хяналт тавьж, хаана хэнтэй хамт байна, ямар хүүхдүүдтэй нөхөрлөж байна гэдгийг анзаарч судлан, хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй.

Насанд хүрээгүй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч нар ч анхааралтай байж, тухайн өвчтөн хэн нэгний хүчирхийлэлд өртсөн, эсэхийг ажиглаж танддаг байгаасай. Ингэснээр хохирогчийг эрт илрүүлж, тэдэнд тусалж чадна.

-Мөрдөгчид, прокурорууд, өмгөөлөгчид, шүүгчид энэ хэргийн хохирогч, энэ хэргийн уршиг, хор нөлөө, оногдуулах ялын талаар бүгд ижил ойлголт, хандлагатай болж чадсан уу?

-Чадсан. Хүн худалдаалах гэмт хэрэг нь өндөр ялтай. Хүн алах гэмт хэрэгт оногдуулдаг ялтай ижил түвшинд ял оногдуулж байгаа.

-Хүн худалдаалах нь зохион байгуулалттай гэмт хэрэгт тооцогддог. Та бүхэн хөрш орнууд болон монголчууд олноороо зорчдог бусад улсуудын цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг уу?

-Интерполын үндэсний төв товчоо болон Азийн орнуудын цагдаагийн байгууллагатай Хоёр улсын хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд хамтран ажилладаг. Хятад, Лаос, Тайланд руу энэ гэмт хэргийн хохирогч нарыг авч явах болсон тул эдгээр улсад манай иргэд хохирох магадлал өндөр. 

-Манай улс хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын дамжин өнгөрөх цэг байсан бол одоо энэ гэмт хэрэгт гадаад, дотоодын иргэд, хүүхдүүд өртөж байна. Үүнд юу нөлөөлсөн бэ?

-Бид сүүлийн нэг жилд бэлгийн мөлжлөгийн зургаан хэрэг бүртгэж, дөрвөн хэргийг шүүхэд  шилжүүлэн, хоёр хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Үүнээс харахад хүн худалдаалах хэргийн төрлүүдээс манай улсад бэлгийн мөлжлөгийг түлхүү үйлдэж байна. Энэ хэргийг үйлдэгчид бусдын биеийг үнэлүүлж, амар хялбар аргаар ашиг олох зорилготой. 

Гадаад улсад өндөр цалинтай ажилд оруулна, таны амьдралын баталгааг хангана гэх нэрийдлээр хууран мэхэлж, бусдыг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгодог. Амьжиргааны түвшин доогуур иргэд хохирогч болдог. 

-Энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад ямар саад учирдаг вэ? 

-Хохирогч хүүхэд байгаа нөхцөлд цагдаагаас дуудсан үед мэдүүлэгч өгч чадахгүй байх нь бий. Мөн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүрэгтэй ч гэмт этгээдүүдийн дарамт шахалтын улмаас бусдад задруулчихдаг.

-Удахгүй сурагчдын зуны амралт эхэлнэ. Өсвөр насны хүүхдүүд ажил хийх сонирхолтой болсон. Хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрөөс хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ?

-Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.6-д насанд хүрээгүй ажилтан гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож буй 18 насанд хүрээгүй хүнийг хэлнэ. Тэгэхээр 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлж болохгүй нь. Мөн хуулийн 142-р зүйлд “Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулахааргүй,  хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжид хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн зорилгоор ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох зэргийг хориглоно” гэж заасан.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.