“СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙГ БАТАЛЛАА
Хүүхдээс үйлдсэн болон хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, аливаа гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны даргын тушаалаар байгуулсан.
Тус Ажлын хэсгээс НҮБ-ын Хүн амын сантай хамтран Дотоод хэргийн их сургуулийн "Цагдаа судлал" бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулгад шинээр тусгагдаж буй бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг хохирогч төвтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, үндэсний болон олон улсын удирдамж, зааварт нийцсэн аргачлалаар мөрдөн шалгах ур чадвар эзэмшүүлэх зорилгоор “Сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.
Уг сургалтын хөтөлбөрийг танилцуулах, батлах арга хэмжээ энэ сарын 11-ний өдөр ДХИС-д болсон ба тус арга хэмжээнд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч ноён Халид Шарифи, тус байгууллагын хөтөлбөрийн ажилтан Б.Цэндмаа, ДХИС-ийн дэд бөгөөд Сургалтын газрын захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр болон Ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн 12 багшийг сургагч багшаар бэлтгэх юм.