Монгол Улсын Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Зүмбэрэллхамтай ярилцлаа.
-Социализмын үеийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үзэл баримтлал, өнөөгийн ардчилсан нийгмийн нөхцөл дэх урьдчилан сэргийлэх бодлогын ялгааг та хэрхэн тодорхойлох вэ?
-Би социализмын үед ч, ардчиллын шилжилтийн үед ч энэ салбарт ажилласан хүний хувьд хоёр үеийг харьцуулан дүгнэх боломжтой. Социализмын үед урьдчилан сэргийлэх ажил үр дүнтэй байсан нь үнэн. Гэхдээ тэр үеийн арга барилыг өнөөдөр шууд хуулбарлан хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь нийгмийн байгуулал, хүний эрхийн ойлголт, гэмт хэргийн бүтэц, шалтгаан нөхцөл бүхэлдээ өөрчлөгдсөн. Тиймээс эхлээд өнөөгийн ардчилсан нийгэмд гэмт хэргийг хэрхэн ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааны мөн чанар юунд оршиж байгааг зөв тодорхойлох шаардлагатай. Өнөөдөр урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн хууль сахиулах байгууллагын үүрэг гэж үзэх бус, бүх нийтийн оролцоонд тулгуурласан тогтолцоо болгон хөгжүүлэх нь чухал байна.
-Иргэдэд гэмт хэргийн талаарх ойлголтыг хэрхэн төлөвшүүлэх вэ?
-Гэмт хэрэг бол хаанаас ч юм гаднаас орж ирдэг хийсвэр үзэгдэл биш. Энэ бол нийгмийн хөгжил, алдаа дутагдал, хүмүүсийн харилцаанаас үүдэн бий болдог нийгмийн үзэгдэл. Иймд иргэн бүр гэмт хэргийн мөн чанар, шалтгаан нөхцөлийг ойлгодог байх хэрэгтэй. Энэ боловсролыг зөвхөн хууль, эрх зүйн сургуулиудад бус ерөнхий боловсролын сургууль, бүх их, дээд сургуулийн сургалтын агуулгад тусгах шаардлагатай. Хүн бүр гэмт хэргийн талаарх зөв ойлголттой байж чадвал урьдчилан сэргийлэх ажил илүү үр дүнтэй болно.
-Тэгвэл таныхаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хамгийн үр дүнтэй арга юу вэ?
-Хамгийн түрүүнд зөв оношилгоо хэрэгтэй. Эмч өвчнийг буруу оношилбол буруу эмчилгээ хийдэгтэй адил гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг зөв тодорхойлж чадахгүй бол ямар ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ бодит үр дүнд хүрэхгүй. Тиймээс гэмт хэргийн бүтэц, чиг хандлага, ямар төрлийн гэмт хэрэг өсөж байгаа, түүний цаад шалтгаан юу болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж байж бодлого боловсруулах ёстой.
-Зарим урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилгаа хэлбэрээр зохион байгуулдаг. Энэ талаар таны байр суурь?
-Урьдчилан сэргийлэх ажил зөвхөн анхааруулга, уриалга байж болохгүй. Жишээлбэл, авто зам дагуу "Тэдэн хүн нас барсан" гэсэн самбар олон байрлуулсан байдаг. Энэ нь хүмүүст тодорхой хэмжээнд сэрэмжлүүлэг болох ч ослын бодит шалтгааныг арилгахгүй. Зам тээврийн осол юунаас болж байна вэ гэдгийг нарийн судлах шаардлагатай. Согтуугаар жолоо барьснаас уу, техникийн бүрэн бүтэн байдлаас уу, замын инженерийн шийдлийн алдаанаас уу, эсвэл замын засвар үйлчилгээ муугаас болоод байна уу гэдгийг ялгаж тогтоох хэрэгтэй. Шалтгаан бүрд тохирсон арга хэмжээ авч байж урьдчилан сэргийлэх ажил бодит үр дүнгээ өгнө.
-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд таны байр суурийг сонсъё?
-Иргэдийн оролцоо бол хамгийн чухал хүчин зүйл. Социализмын үед сайн дурын эргүүл, ардын сэргийлэгчийн тогтолцоо байсан. Энэ нь тухайн үедээ тодорхой үр дүнтэй ажиллаж байсан туршлага юм. Өнөөдөр ч сайн дурын оролцоог орчин үеийн хэлбэрээр хөгжүүлэх боломж бий. Иргэдийг урамшуулалтайгаар олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд татан оролцуулах, орон нутаг, байгууллага, хамт олны түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой.
-Урьдчилан сэргийлэх ажилд бусад салбарын оролцоо чухал гэж та ярьдаг. Тэгвэл энэ оролцоог хэрхэн хангах ёстой юм бэ?
-Урьдчилан сэргийлэх ажил зөвхөн цагдаа, хууль сахиулах байгууллагын асуудал биш. Архитекторууд хот төлөвлөхдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарчмыг тусгах боломжтой. Харанхуй, хүн харагддаггүй булан тохой багатай, гэрэлтүүлэг сайтай орчин өөрөө гэмт хэрэг гарах эрсдэлийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл, архитектурын криминологи гэж бүхэл бүтэн судалгааны чиглэл байдаг. Шинээр баригдах хороолол, орон сууцны зураг төсөл боловсруулахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагын мэргэжилтнүүдийн саналыг тусгах нь үр дүнтэй. Үүнээс гадна СӨХ, төрийн байгууллага, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллага, үйлчилгээний салбар бүр өөр өөрийн хүрээнд эрсдэлээ тодорхойлж, урьдчилан сэргийлэх ажиллагаанд оролцох ёстой.
-Аливаа судалгааны ач холбогдлыг та байнга онцолдог. Энэ нь судалгаанд тулгуурласан ажлын үр дүнтэй холбоотой болов уу ?
-Учир нь зөв бодлого судалгаан дээр л тулгуурладаг. Өндөр хөгжилтэй орнуудад криминологийн судалгааг төрөөс тогтмол санхүүжүүлдэг. Томоохон хэмжээний судалгааны үр дүнд шинэ онол, шинэ аргачлалууд бий болж, тэдгээр нь бодлого боловсруулах үндэс болдог. Өнөөдөр криминологийн шинжлэх ухаанд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тайлбарласан олон онол бий. Ёс суртахуун, сэтгэл зүй, антропологи, анагаах ухаан, нийгмийн хүчин зүйл зэрэг олон чиглэлээр судалгаа хийгдсэн. Бид шинэ онол зохиохоосоо илүү дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийг Монголын нөхцөлд нутагшуулах шаардлагатай.
-Тэгвэл өнөөгийн нөхцөлд Монгол Улсад ямар төрлийн судалгаа хэрэгтэй байна вэ?
-Монголын өөрийн онцлогийг тусгасан криминологийн судалгаа хэрэгтэй. Гадаадын улс оронд хийсэн судалгааг тэр чигээр нь Монголд хэрэглэх боломжгүй. Жишээ нь, Чикаго хотод хийсэн судалгааны үр дүн Улаанбаатар хотын нөхцөлтэй яг адил гарахгүй. Монгол хүний сэтгэлзүй, зан төлөв, амьдралын хэв маяг, нүүдлийн соёлын ул мөр, хотжилт, шилжилтийн үеийн нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл манай улсын нөхцөлд өөрийн гэсэн онцлогтой. Тиймээс төр болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр томоохон, үндэсний хэмжээний криминологийн судалгаануудыг тогтмол хийх шаардлагатай байна.
-Ярилцлагын төгсгөлд та юуг онцолж хэлэх вэ?
-Миний бодлоор өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал бол судалгаа, оношилгоо. Бид олон нийтийг хамарсан урьдчилан сэргийлэх ажил хийж ирсэн, цаашид ч хийх болно. Гэхдээ орчин үеийн Монголын нийгэмд гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүнзгий судалж, зөв оношилж чадвал урьдчилан сэргийлэх бодлого илүү оновчтой, үр дүнтэй болно. Өнөөдрийн зөв аргачлалаар хийсэн судалгаа маргаашийн зөв бодлогыг бий болгодог. Харин зөв бодлого нь иргэдийн аюулгүй, тайван амьдрах орчныг бүрдүүлэх үндэс болох юм.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл