Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2026 онд баримтлах тэргүүлэх чиглэлийг:
- Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө
боловсруулж, батлуулах;
- Ерөнхий боловсролын сурагчид, их, дээд сургуулийн эрх зүйн бус мэргэжлийн ангийн 1, 2 дугаар дамжааны оюутнууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хүн, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд түшиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх;
- Хүний эрхийг дээдлэх, хохирогч төвтэй хандлагад суурилсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг төлөвшүүлэх чиглэлээр шүүх, прокурор, мөрдөгч нарыг чадавхжуулах ;
- Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цахим технологи, программ хангамж нэвтрүүлэх ажлыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (залилах), болон цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлж, хэрэгжүүлэх;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулах, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх;
- Монгол Улсын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгч, донтогч, далд хэрэглэгчдийн талаарх тандалт, судалгааг улсын хэмжээнд нарийвчлан гаргах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, дотоодын нөхцөл байдлыг бодитоор тодорхойлж, дүн шинжилгээнд суурилсан тэмцэх, урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай, донтох эмгэгтэй хүнд эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлж, тэднийг эмчлэх “Донтолтын сэтгэц, нийгмийн сэргээн засах төв”-ийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран байгуулах ажлыг судалж, жишиг төвийг байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөн удирдлага болгон ажиллаж байна.