ЦЕГ-ын УСА-ны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалантай ярилцлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн хамгийн түрүүнд хаана, хэнд хандаж тусламж авах боломжтой вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, үйлдэгдэж байгаа бол цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд хандаж дуудлага мэдээлэл өгч болно. цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг нэн тэргүүнд хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Хэрэв өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж үзсэн мөн хүчирхийллийн талаар мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл Гэр бүлийн хүчирхийлийн зөвлөгөө мэдээллийн 107 дугаарын утсанд хандан мэдээлэл авч болно.
Түүнчлэн амьдарч буй нутаг дэвсгэрийнхээ Хамтарсан баг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст хандаж тусламж авах боломжтой байдаг.
-Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авдаг юм бол. мөн ямар эрхүүд хуулиар хамгаалагддаг вэ?
-Хүчирхийллийг шуурхай таслан зогсоох, аюулын зэргийг үнэлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээнд холбох, хүүхдийг тусгайлан хамгаалах, аюулгүй газарт түр байрлүүлах, түр хамгаалах байранд байх хугацаанд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчид туслалцаа үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, засах зэрэг үүргийг төрийн ихэнх байгууллагууд хуулиар хүлээсэн байгаа.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд хохирогч амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, нууцлалаа хамгаалуулах, мэдээлэл авах, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг авах зэрэг олон эрх эдлэхээр хуульчилсан байдаг.
-Хохирогчид сэтгэлзүйн болон хууль зүйн тусламж хэрэгтэй бол ямар байгууллага, үйлчилгээнд хандах вэ?
-Хохирогчид цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллэлтэй холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч болно. Мөн сэтгэл зүйчтэй уулзахыг хүссэн тохиолдолд зөвхөн мэдээлэл өгөөд орхих бус холбогдох үйлчилгээ үзүүлэгчид холбон зуучлан ажилладаг. Түүнчлэн өмгөөлөгч, сэтгэл зүйч зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагад хандах ч боломжтой.
-Гэр бүлийн хүчирхийллийн талаар танай байгууллагад ирсэн дуудлага, мэдээллээс харахад хүмүүсийн тэр бүр анзаардаггүй ямар асуудал хамгийн их ажиглагддаг вэ?
-Хүчирхийлэл зөвхөн бие махбодийн хүчирхийллийн хэлбэрээр илэрдэггүй. Сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрүүд ч байдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийнхээ хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр илэрдэг. Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг хэлдэг бол эдийн засгийн хүчирхийлэл гэдэг нь цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг хэлдэг.
Эдийн засгийн хүчирхийллийн хэлбэрийг мэдээлэх байдал бага байгаа нь харагддаг. Тухайлбал өндөр настай эцэг эх, эмээ өвөөгийн тэтгэврийг авах, хүчээр зээл авахуулах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулдаг тохиолдол байдаг. Эцэг, эх, өвөө, эмээ нарын хувьд яг энэ тохиолдолд хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдээгүй мэдсэн ч үр хүүхдүүдийнхээ талаар хуулийн байгууллагад хандах, бусдад хэлэх хүсэлгүй байгаа нь анзаарагддаг. Гэтэл энэ бол бас л хүчирхийллийн нэг хэлбэр шүүдээ.
Түүнчлэн хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үл хайхрах хүчирхийлэлд өртөх тохиолдлууд олон бий.
-Эргэн тойрны хэн нэгнийг хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн тохиолдолд хаана хандах ёстой вэ. Мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил хаалттай хаалганы цаана, байнга давтамжтай үйлдэгддэг онцлогтой. Байнгын хүчирхийлэлд өртөж байгаа хохирогч зарим тохиолдолд өөрийгөө хүчирхийлэлд өртөж байгаа эсэхээ ч ялгахаа больж, ихэнхдээ хохирогч өөрийн нэр төр, алдар хүнд, гэр бүлийн бусад гишүүнийхээ аюулгүй байдал, дараагийн дахин үйлдэгдэх хүчирхийллээс айж сэтгэл зүйн маш том гэмтэл авдаг. Харамсалтай нь ингэж нууж, айж явсаар амиа алдах тохиолдол цөөнгүй. Тэд чимээгүйгээр хэн нэгнээс тусламж ирэхийг хүлээдэг, хүчирхийллийг тэвчдэг. Тийм учраас гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа иргэнд хөндлөнгийн хүний туслалцаа хамгийн чухал. Хэрвээ таны дэргэд байгаа ажлын хамт олон, найз нөхөд, магадгүй хамаатан садан, хөрш айлд хэн нэгэн хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол танаас өөр туслах хүн байхгүй гэж ойлгож заавал туслаарай гэж хүсмээр байна. Хүчирхийллийг мэдсэн иргэн хамгийн түрүүнд түүний амьдардаг хороо, сум, багийн хамтарсан багт мэдээлэх, эсхүл цагдаагийн байгууллагад мэдээлэх нь зүйтэй. Цагдаагийн байгууллагын дэргэд 102 дугаараас гадна 107 тусгай дугаарын утас ажилладаг. Энэ 107 тусгай дугаар бол хоногийн 24 цагийн туршид үнэ төлбөргүйгээр сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг дугаар байгаа юм. Хохирогчид 107 тусгай дугаар руу холбогдохыг зөвлөж бас болно. Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа талаар мэдээлэл өгөхөд тухайн иргэний хувийн мэдээллээс эхлээд бүхий л мэдээллийг нууцлах үүргийг цагдаагийн байгууллага хүлээдэг. Ингэж нууцлах үүрэгтэй талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад тодорхой заасан байгаа. Тийм учраас хаалганы цаана үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийг заавал мэдээлж эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, хүчирхийлэлтэй гэр бүлд байгаа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслаарай гэж уриалж хэлмээр байна.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл