ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 25 жилийн ойг тохиолдуулан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.05.16/ боллоо.
Хурлыг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Монгол Улс дахь хууль сахиулах байгууллагын чадавхыг сайжруулах хөтөлбөр”-ийн менежер Лонг Нгуен, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Баяраа нар үг хэлж, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв.
Хурлын үндсэн илтгэлийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэл” сэдвийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг танилцууллаа. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Үргэлжлүүлэн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Зоригтбаатар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан бол Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ариунтөр “Нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн хэрэгжилтийн асуудал: Монгол Улс дахь мансууруулах бодистой холбогдох эрх зүйн зохицуулалтын мэдээллийн хоцрогдол”, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл өглөө.
Хурлын үеэр Монгол Улсад бүртгэгдсэн шинэ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын нөхцөл байдал, чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хуралд ЦЕГ, НЦУГ, ГЕГ, ШШЕГ, ЭЭХХЗГ, СЭМҮТ, ДХИС болон холбогдох байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл