“МАНСУУРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ОЛСНЫ УРГАМЛЫГ УСТГАХ АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ОРХОН АЙМАГТ БОЛЛОО

2025-05-30 07:45:48
Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлыг байгаль орчинд ээлтэй, оновчтой аргаар зохион байгуулах, энэ төрлийн ургамлыг хууль бусаар ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.22/ Орхон аймагт боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн дийлэнх хувийг мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамал эзэлж байгааг дурдаад энэ төрлийн ургамлыг устгах ажлыг оновчтой аргаар зохион байгуулж, цаашид эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэн үр дүнг дээшлүүлэх шаардлагатайг онцоллоо.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 3-р тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрхэсбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалтай тэмцэх ажил” сэдвээр танилцуулсан бол “Ботаникийн эцэрлэгт хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Лянхуа “Мансууруулах үйлчилгээтэй таримал олс ургамлын биологи, тархац, нөөцийн судалгааны үр дүн”, УХЭШХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор О.Ариунаа “Олсны ургамлыг устгах ажлыг үр дүнг чанартай явуулахад анхаарах асуудал”, ШШЕГ-ын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ламчин “Шүүх шинжилгээний ерөнхий газраас мансууруулах үйлчилгээтэй олсны ургамалд хийж буй шинжилгээний үр дүн”, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Отгон “Олсны ургамлын таримал хэлбэр, шилдэг сортууд ба тэдгээрийн тариалалтын өнөөгийн байдал”, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Батсайхан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа” сэдвээр танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах зориулалттай тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, туршилт, судалгааны талбайг нийслэл болон орон нутагт байгуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй талаар оролцогчид санал бодлоо илэрхийлж байлаа.
Хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн тэргүүтэй Орхон, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, орон нутгийн Цагдаагийн газрын дарга, алба хаагчдаас бүрдсэн 100 гаруй төлөөлөл оролцлоо.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл