Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд “Кибер орчныг ашиглаж үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт бүсийн сургалтыг энэ сарын 19-20-ны өдөр зохион байгуулж байна.
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг чадавхжуулж, мэдлэг, ур чадварыг сайжруулснаар энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтаар хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлагыг таниулах, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудал болон тоон ул мөр, кибер нотлох баримтын тухай мэдлэг, мэдээлэл олгох юм.
Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн цагдаа, прокурор, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн прокурорын байгууллагын 50 гаруй алба хаагч хамрагдаж байна.
© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл