“ӨГӨГДӨЛ, ТОО МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАН ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АСУУДАЛ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран Европын холбооны "Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь" төслийн дэмжлэгтэйгээр “Өгөгдөл, тоо мэдээллийг ашиглан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2025.09.18) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойг угтан зохион байгуулсан ба төрийн бодлого тодорхойлогч байгууллагуудын жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа, хөтөлбөрт зориулан тоо мэдээллийн сангийн өгөгдөл боловсруулж, бүрдүүлэх зорилго дор чиглэлийн байгууллагуудын төлөөлөл ийнхүү чууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ аливаа гэмт хэрэгтэй тэмцэхэд тоо баримт, судалгаанд үндэслэн оновчтой зохицуулалт хийх нь илүү үр дүнтэйг онцлоод хүчирхийлэлд өртөгчдөд үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээлэлд тулгуурлан хохирогч төвтэй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах арга замыг тодорхойлж, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Европын Холбооны төлөөлөгчийн газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд Хамтын ажиллагааны газрын дарга Адриен Мург, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи нарын олон улсын байгууллагын төлөөллүүд өгөгдөл, тоо мэдээлэлд суурилан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Танилцуулга илтгэлийг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “eGBV мэдээллийн сангийн шинжилгээ: Жендэрт суурилсан хүчирхийллийн шалтгаан, нөхцөл, чиг хандлага” сэдвийн хүрээнд хийсэн бол ХГБХХЕГ-ын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнгөнтуяа “Жендэрт суурилсан хүчирхийллийн үйлчилгээний мэдээллийн сангийн шинжилгээ, хохирогчид үзүүлж буй үйлчилгээний хүртээмж, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үдээс хойшх хуралдаанаар “Мэдээллийн сангийн мэдээлэлд тулгуурлан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдвийн хүрээнд оролцогчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, хохирогчид үзүүлэх тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын талаар хэлэлцэж, төрийн байгууллагууд бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаандаа мэдээллийн сангийн өгөгдлийг шууд ашиглах боломжийг бүрдүүлэх шаардлагатай талаар санал нэгдлээ.
“Өгөгдөл, тоо мэдээллийг ашиглан жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудал, шийдэл” хэлэлцүүлэгт Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын төлөөлөл, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн гишүүд болон үйлчилгээ үзүүлэгчдийн 70 гаруй төлөөлөл оролцлоо.