“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” ХАКАТОН УРАЛДААН БОЛЖ БАЙНА
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн сантай хамтран хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хүүхэд, залуучуудын анхаарлыг хандуулах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хакатон уралдаан зохион байгуулж байна.
Тус уралдааныг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойг угтан зохион байгуулсан ба МУИС, ДХИС, СЭЗИС, ИЗИС, Шихихутаг их сургуульд эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудаас бүрдсэн 35 баг оролцсоноос шинэлэг шийдэл, санал санаачилгаараа хоёрдугаар шатанд шалгарсан 10 баг өрсөлдөж байна.
Хакатон уралдааныг нээж Азийн сангийн Суурин төлөөлөгч Сара Тейлор хэлсэн үгэндээ оюутан, залуусын хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэвшүүлж буй санаачилга, шийдлийг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд тусгаж, хэрэгжүүлэхээ илэрхийллээ.