Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн, Чиглэлийн ахлах шинжээч Б.Намсрай нар НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн үнэлгээний багийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзан, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн Хөтөлбөрийн үнэлгээний багийн зөвлөх Г.Ууганцэцэг Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний явц, үр дүнд үнэлгээ хийж буйгаа танилцуулсан. Мөн Ажлын алба болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлсэн ажлуудын үр нөлөө, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн гишүүдийн эсрэг үйлдэгдэж болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян, сургалт, хэлэлцүүлэг, мэдээлэл сурталчилгааны арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирснийг онцоллоо.
Түүнчлэн урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог сайжруулж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гаргасныг тэмдэглээд хүчирхийллийн эрсдэлийг бууруулах, мэдээлэх болон тусламж үйлчилгээ авах боломжийн талаарх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнтэй байгааг дурдлаа.
Уулзалтын төгсгөлд талууд жендэрт суурилсан хүчирхийллээс ангид, эрүүл, аюулгүй нийгмийг бүрдүүлэх зорилтын хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, цаашид мэдээлэл, туршлага солилцох, чадавх бэхжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл