НЭГЭН ЖАРНЫ ТҮҮХТЭЙ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Түүхт ойн хүндэтгэлийн хурал өнөөдөр (2025.10.07) боллоо.
Анх МАХН-ын Төв хорооны 1965 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 305 дугаар тогтоолоор Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажлыг удирдах зөвлөлийг Намын төв хороо, аймаг, хотын намын хорооны дэргэд байгуулсан. Өдгөө Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болж нийслэл, дүүрэг, 21 аймаг, 330 суманд салбар зөвлөлтэй, улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү ойн баярт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх илгээлт ирүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар нар мэндчилгээ дэвшүүллээ.
Л.Мөнхбаатар сайд мэндчилгээндээ нэгэн жарны түүхийг хамтдаа бүтээлцсэн салбарын албан хаагчид, ажилтан, үе үеийн ахмадуудад талархал илэрхийлээд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт явдалтай тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор урьдчилан сэргийлэх, криминологийн арга, туршлагыг хэрэглэх, урт удаан хугацаанд үр нөлөөтэй, тогтвортой үйлчлэх хэм хэмжээ тогтооход анхаарал хандуулж, бодлого шийдвэртээ тусгаж ирснийг онцлон тэмдэглэв.
Ойн хүндэтгэлийн хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга асан Л.Цог, О.Алтангэрэл нар үг хэллээ.
Түүнчлэн хүндэтгэлийн илтгэлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор Л.Нямгэрэл нар танилцууллаа.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2019 онд батлагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх хүртэл 21 жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан бүрэлдэхүүн, ажиллах журмыг мөрдлөг болгон тогтвортой үйл ажиллагаа явуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулах үндсэн үүргийг гүйцэтгэж ирснийг хууль зүй, дотоод хэргийн салбарт хамтран зүтгэгчид хурлын үеэр онцлон тэмдэглэлээ.
Түүхэн цаг хугацааны туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хангах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд, ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй үргэлжлүүлэн яваа нийт зохицуулах зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчид, хамтран ажилладаг олон улсын болон төрийн, төрийн бус байгууллагын төлөөллүүд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсаныг Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар гардууллаа.