МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026-01-22 15:21:39

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр (2026.01.22) боллоо.

Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг дурдаад урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, мансуурах донтой хүнийг эмчлэх, нийгэмшүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцлов.

Энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны тандалт судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Зоригтбаатар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын дотоодын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулж, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж байгаа “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-ийн зохицуулагч Б.Түмэндэмбэрэл донтох эмгэгтэй хүнд үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ болон олон улсын жишиг төв, стандартын талаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулж, тус хуулийн төсөлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг өсвөр насны хүүхэд, залуучуудад хүргэхэд боловсролын байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, донтох эмгэгтэй хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх, эмчлэх байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон ялын бодлогыг чангатгах зэрэг олон асуудлууд тусгагдсан талаар дурдсан.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл 100 орчим хүн оролцож, хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл