Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, АНУ-ын Төрийн Департаментын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн санхүүжилтээр “Хууль бус худалдааны сүлжээг тогтолцооны түвшинд шинжлэх, таслан зогсоох төлөвлөлтийн асуудлаарх шинжээчдийн ажлын хэсгийн хэлэлцүүлэг”-ийг энэ сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгийг нээж АНУ-ын Экспортын хяналт, хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн бүсийн зөвлөх ноён Рэнсом Ж.Авилла, НҮБ-ын Мансууруулах бодис, Гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Дук Лонг Нгүен нар үг хэлсэн бөгөөд Монгол Улсад болон бүс нутгийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй хууль бус тээвэрлэлтийн сүлжээ, тэдгээрийн эрсдэлийг тодорхойлж, таслан зогсоох арга замыг эрэлхийлэхэд тус хэлэлцүүлгийн зорилго оршиж буйг онцоллоо.

Дөрвөн өдөр үргэлжлэх хэлэлцүүлгээр оролцогчид хууль бус худалдааны сүлжээг таслан зогсоох, илрүүлэх, санхүүгийн урсгалд дүн шинжилгээ хийхэд тулгамдсан асуудлуудын шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм.

“Хууль бус худалдааны сүлжээг тогтолцооны түвшинд шинжлэх, таслан зогсоох төлөвлөлтийн асуудлаарх шинжээчдийн ажлын хэсгийн хэлэлцүүлэг”-т НҮБ-ын Мансууруулах Бодис Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын алба, УЕПГ, ГЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл 30 гаруй хүн оролцож байна.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл