Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-ний (ХХКГ) тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг өнөөдөр (2026.03.26) болж байна. Тус хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцож, өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлаа хэлэлцлээ.


Энэ үеэр АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион АНУ-аас гэрээний хэрэгжилтэнд зориулан 6.5 сая ам.долларын гадаад тусламжийг “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, “Азийн сан” болон бусад дотоодын түнш байгууллагуудад олгож, Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн талаар онцолж, цаашид энэхүү компакт хөтөлбөрийн бодит үр дүн, ахиц дэвшилд үндэслэн хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдаж, нэг ч хүүхэд мөлжлөгийн хохирогч болох ёсгүй гэдгийг тэмдэглэлээ.



Хүүхэд хамгааллын компакт гэрээний хүрээнд манай улс хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, холбон зуучлах, мэдээлэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажиллагаанд мөрдөх журам, стандартыг боловсруулан баталж, хүүхдэд ээлтэй найман өрөөг тохижуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулсан. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд зориулсан үндэсний хэмжээний анхны нөхөн сэргээх төвийг тус тус байгуулсан байна. Эдгээр арга хэмжээ нь хохирогчдыг хамгаалахын зэрэгцээ хил дамнасан гэмт бүлэглэлийн сүлжээнүүдтэй холбогдон үйлдэгддэг хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.


Энэ удаагийн хэлэлцүүлэгт АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион, Төрийн департаментын Хүн худалдаалахтай тэмцэх, хяналт тавих албаны ахлах зохицуулагч Марк Форстром, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат болон хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Салбар дундын хамтарсан багийн гишүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл