“ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДЫГ МӨРДӨН ШАЛГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ” БОЛЖ БАЙНА

2026-05-11 17:30:55

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран АНУ-ын Төрийн департаментын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал хариуцсан олон улсын товчооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх хүрээнд дижитал мөрдөн шалгах ажиллагааны чадавхыг олон улс болон бүс нутгийн хэмжээнд бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийн материалуудыг мөрдөн шалгах чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт”-ыг энэ сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын гол зорилго нь хууль сахиулах болон мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, техникийн ур чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлж, цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх үр дүнтэй ажил, арга хэмжээний талаар санал солилцох юм.

 Сургалтын нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга, Хууль сахиулах ба аюулгүй байдлын атташе Сара Бет Машл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн зохицуулагч ноён Жошуа Жейм, мөн Ажлын албаны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

“Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийн материалуудыг мөрдөн шалгах чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт”-д УЕПГ, ЦЕГ, ШШЕГ-ын 25 алба хаагч хамрагдаж байна.

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл