“ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН МАТЕРИАЛУУДЫГ МӨРДӨН ШАЛГАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-13 17:20:52

Хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл, аюулгүй ирээдүйг бүрдүүлэх зорилготой “Цахим орчинд хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийн материалуудыг мөрдөн шалгах чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургалтыг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн зохицуулагч ноён Жошуа Жейм удирдаж, оролцогчдод хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэргийг мөрдөн шалгах, тэр дундаа цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэхэд чиглэсэн оновчтой ажил, арга хэмжээний талаар онол, практикт суурилсан цогц мэдлэг, мэдээлэл олголоо.

Сургалтад хууль сахиулах болон мөрдөн шалгах байгууллагын 25 алба хаагч хамрагдсан бөгөөд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, олон улсын туршлага, арга зүйг нутагшуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Сургалтын төгсгөлд оролцогчдод Ажлын албаны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх бүсийн зохицуулагч ноён Жошуа Жейм нар гэрчилгээ гардууллаа.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл