Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн Удирдах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр (2026.05.15) болж, төслийн хэрэгжилтийн явц, энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Канад Улсын ЭСЯ-ны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Kүтюр нар нээж, төслийн хэрэгжилт, эхний жилийн үр дүн, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Энэ удаагийн хурлаар талууд эхний жилийн суурь үр дүнд тулгуурлан төслийн хэрэгжилтийг өргөжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай техникийн ур чадвар, мэдлэгийг сайжруулах хүрээнд иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулж, Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчийн хохирогч төвтэй хандлагыг бэхжүүлэх, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, шударга тогтолцоог цогцлоох шаардлагатайг онцолсон юм. Түүнчлэн орон нутгийн иргэд, малчдад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн зөвлөгөө өгөх, тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх талаар оролцогчид харилцан санал солилцлоо.
Төслийн Удирдах Хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллагууд зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл багтдаг.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл