“АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ХӨТӨЛБӨРИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛНЭ

2026-06-03 16:39:52

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны удирдлагууд өнөөдөр (2026.06.03) ТЕГ-ын Үндэсний тагнуулын их сургуулийн ректор, “Аюулгүй байдал-иргэдийн оролцоо” хөтөлбөрийн удирдагч, доктор С.Жанхор тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ажлын албаны дарга Ж.Буянбат гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд төр, хувийн хэвшил, иргэд, олон нийтийн хамтын ажиллагаа болохыг онцолж, энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Үндэсний Тагнуулын их сургуулийн ректор, доктор С.Жанхор төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд болон иргэд, олон нийтэд үндэсний аюулгүй байдлын тухай мэдлэг олгох ажлыг цогц, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор “Аюулгүй байдал-иргэдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн талаар танилцуулав.

Тэрбээр, тус хөтөлбөрийг улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Талууд “Аюулгүй байдал-иргэдийн оролцоо” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг үе шаттайгаар эхлүүлж, нэгдсэн төлөвлөгөө боловсруулан бодит үр дүнд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл