Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл энэ сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт ажиллаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Н.Мандуул тэргүүтэй зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төрийн бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, илүү айдасгүй нийгэм, эрүүл, аюулгүй ирээдүйг бүтээх чиглэлээр санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Мөн аялал жуулчлалын улирал эхэлж, иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж буйтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан зөвлөмжийг салбар зөвлөлд танилцууллаа.
Зөвлөмжид хүүхдийн зуслан, аялал жуулчлалын бүс нутагт хуульд тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтыг эрчимжүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг болон урьдчилан сэргийлэх мэдээллийг тогтмол хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сурталчилгаа, мэдээллийг нэмэгдүүлэх, амралт, зуслангийн газруудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл