МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2026-06-12 13:23:33

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч, уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ажлын албаны дарга Ж.Буянбат зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөө болон цаашдын зорилт, чиглэлийн талаар танилцуулсан. Түүнчлэн 21 аймгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Талууд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Тодруулбал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого боловсруулж, олсны ургамлыг устгах ажлыг хамтран зохион байгуулахаар санал нэгдлээ.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр хэлэхдээ, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэд хэдэн ажил байгааг онцолж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх ажлуудын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралт 28 хувиар буурсан үзүүлэлт гарсныг дурдлаа.

Тэрбээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь бүх салбарын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурладаг тул үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, нэгдсэн бодлогоор хангах нь чухал байгааг онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд талууд салбар зөвлөл болон холбогдох байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг нарийвчлан тусгасан нэгдсэн төлөвлөгөөний дагуу хамтран ажиллахаар тохиролцлоо.  

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл