Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) хамтран цагдаа, прокурорын байгууллагын алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах сургалтыг энэ сарын 11-12-ны өдөр зохион байгуулж байна.
Сургалтыг ЕАБХАБ-ын Хүн худалдаалах асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч бөгөөд Зохицуулагч, доктор Кари Жонстоун, хөтөлбөрийн мэргэжилтэн Тарана Багирова нар удирдан явуулж байгаа бөгөөд Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд үйлчилгээ үзүүлэх салбар дундын хамтарсан багийн төлөөлөл зэрэг нийт 48 алба хаагч оролцож байна.
Сургалтын үеэр оролцогчид хүн худалдаалах гэмт хэрэг, цахим залилан, зохион байгуулалттай гэмт хэргийн чиглэлээр олон улсын туршлага, шинэлэг арга барилд тулгуурласан онол, практик хосолсон мэдлэг, ур чадвар эзэмшиж, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй сорилт, шийдлийн талаар санал солилцож, туршлага хуваалцлаа.
Энэхүү сургалт нь алба хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээс гадна гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Мөн хүн худалдаалах болон цахим орчинд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх ач холбогдолтойг оролцогчид онцоллоо.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл