КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

2026-08-18 17:29:05

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат өнөөдөр /2026.08.18/ Кибер аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаярыг хүлээн авч уулзан, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.  

Уулзалтын үеэр Ч.Золбаяр дарга Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулж, кибер аюулгүй байдал, цахим гэмт хэргээс үүдэлтэй эдийн засгийн хохирол жил бүр 10.5 их наяд төгрөгт хүрч байгаа талаар дурдав.

Мөн цахим гэмт хэргийн арга, хэрэгсэл нь технологийн дэвшилтэй зэрэгцэн улам боловсронгуй болж байгаа энэ үед үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.

Ажлын албаны дарга Ж.Буянбат энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 34 хувийг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгааг тэмдэглээд, иргэд, олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чадавхыг нэмэгдүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Талууд уулзалтын үеэр дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Үүнд:

  • Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг чадавхжуулах сургалт, арга хэмжээг зохион байгуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах;
  • Иргэдэд хувийн мэдээллээ хамгаалах, цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг, мэдээллийг тогтмол хүргэх;
  • Байгууллагын кибер эрсдэлийн үнэлгээг хийх, кибер халдлага, зөрчил гарсан үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах;
  • Кибер эрсдэлийн талаарх мэдээлэл солилцох, шуурхай сэрэмжлүүлэг хүргэх тогтолцоог сайжруулах;
  • Байгууллага хоорондын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах. чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл