Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) амжилттай үргэлжилж байна.
Өнөөдөр тус хурлын “Цэнхэр бүс”-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаныхан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар иргэд, оролцогчдод мэдээлэл хүргэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь байгаль орчин, байгалийн нөөц, экологийн тэнцвэрт байдалд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан, учруулж болзошгүй үйлдэл юм.
Иймд тус зөвлөлөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, эрсдэлийг бууруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийн экологийн боловсрол, мэдлэг, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Тухайлбал:
-Байгаль хамгаалагч, иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;
-Экологийн боловсрол, байгальд ээлтэй зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх;
-Ерөнхий боловсролын сургууль болон орон нутагт “Эко клуб” ажиллуулах;
-Химийн хорт болон аюултай бодис, аюултай хог хаягдлын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх;
-Аялал жуулчлалын бүс нутагт “Хариуцлагатай аялал” аяныг зохион байгуулах;
-“Байгалиа хамгаалъя” нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэх;
-Холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажилд анхаарч байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн төрийн болон хууль сахиулах байгууллагын үүрэг биш юм. Харин иргэн бүрийн сонор сэрэмж, зөв дадал, мэдлэг, оролцоо чухал ач холбогдолтой.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл