МӨРДӨН ШАЛГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛЖ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

2026-09-08 11:24:39

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран, АНУ-ын Төрийн департаментын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал хариуцсан олон улсын товчооны санхүүжилтээр “Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн асуудлаар үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг энэ сарын 8–10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Ажлын албаны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн, АНУ-ын Төрийн департаментын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Эрдэнэхишиг, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Лонг Дук Нгүен нар оролцлоо.

Нээлтийн үеэр оролцогчдод цахим орчин хурдацтай хөгжиж буй өнөө үед хүүхдийг цахим орчин дахь бэлгийн мөлжлөг, хүчирхийлэл зэрэг гэмт хэргээс хамгаалахад хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадвар, байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ удаагийн сургалтаар хууль сахиулах, мөрдөн шалгах байгууллагын алба хаагчдын мэргэжлийн болон техникийн ур чадварыг дээшлүүлэх, мөрдөн шалгах арга зүйг сайжруулах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сайн туршлага, үр дүнтэй арга барилыг судалж, санал солилцоно. Мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мөрдөн шалгах чиглэлээр онол, практикт суурилсан мэдлэг, мэдээлэл олгох юм.

Сургалтад Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийт 25 алба хаагч хамрагдаж байна.

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл