“ДҮРМЭЭ МӨРДЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2025-06-13 15:55:30

Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр /2025.06.13/ боллоо.

“Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй” уриан дор зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний хүрээнд аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, нөлөөллийн ажлыг эхлүүлсэн талаар нээлтэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцоллоо.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах Улаанбаатар хотыг тойроод 150 километрийн радиус дотор бүрэн тоноглогдсон автомашинтай хөдөлгөөнт эргүүл гаргаж, 24 цагаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгааг дурдлаа.

Энэ оны эхний 5 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1856 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсөж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176 хүний амь нас хохирсон байна.

Иймд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөх нь хөдөлгөөнд оролцогч хүн бүрийн хариуцлага, ухамсар, хамтын ажиллагаа болохыг нээлтийн үеэр уриаллаа.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл