“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХЭД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛИЙГ АШИГЛАХ НЬ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Шинжлэх ухааны академитай хамтран “Гэмт хэрэгтэй тэмцэхэд шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ашиглах нь” сэдэвт танилцуулга, өдөрлөг /2025.07.04/ зохион байгууллаа.
Өдөрлөгийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 60 жилийн ойн хүрээнд Шүүх шинжилгээний ерөнхий газраас санаачилсан ба тус зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нээж хэлсэн үгэндээ “Шинжлэх ухаан, технологийн хөгжил, хиймэл оюун ухааны дэвшил нь өнөөгийн хууль сахиулах болон аюулгүй байдлын тогтолцоонд томоохон өөрчлөлт авчирч байна.
Ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, нотлох баримтыг боловсруулж, дүн шинжилгээ хийх, шуурхай шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэвшилтэт шийдлүүдийг ашиглах нь цаг үеийн шаардлага болоод зогсохгүй, нийгмийн шударга ёс, хүний эрхийг хангахад чухал ач холбогдолтой байна” хэмээн онцоллоо.
“Гэмт хэрэгтэй тэмцэхэд шинжлэх ухаан, технологийн хөгжлийг ашиглах нь” өдөрлөгөөр зохион байгуулагч, оролцогч байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж буй шинжлэх ухааны дэвшилтэт тоног төхөөрөмж, техник хэрэгслийг танилцуулж, мэдээлэл өглөө.