Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат өнөөдөр /2026.05.28/ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Чарльз Болланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийг 2019-2023 онд хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, аюулгүй нийгмийг бүрдүүлэх олон талт ажил, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.
Санамж бичгийн хүрээнд төслийн хоёрдугаар шат буюу Монгол Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2026-2030 онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог хангах, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын алба хаагчид, хариу үйлчилгээ үзүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл