ХИЛ ДЭЭРХ ДАМЖИН ӨНГӨРӨХ АЖИГЛАЛТЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2025-12-02 15:39:29

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд Хил дээрх дамжин өнгөрөх ажиглалтыг “Анбаунд Монгол” ТББ 2022-2025 оны хооронд агаарын болон авто замын боомтуудад зохион байгуулсан байна. Тус ажлын тайлангийн хурал өнөөдөр (2025.12.02) боллоо.  

Ажиглалтын үр дүнтэй танилцаж, цаашдын чиглэл, бодлогын уялдааг тодорхойлох зорилготой тус хуралд Ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах мэдээлэл солилцоог түргэн шуурхай, уялдаа холбоо сайтай болгосноор хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ гэдгийг онцолсон. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан хүүхдийн асуудалд олон талын оролцоо чухал бөгөөд хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой гэв.

Хурлын панел хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хилийн боомтуудад хүүхдийг нэвтрүүлэх журмын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан сорилтууд, сайжруулах боломжуудыг хамтдаа хэлэлцэн, хамгааллын ажлыг бодит түвшинд сайжруулах талаар санал солилцлоо.

2022–2025 оны тайлангаар хил дээр ажилласан баг нийт 14,163 зорчигчид мэдээлэл өгч, 276 тохиолдлыг эрсдэлтэй байж болзошгүй хэмээн ажиглаж, 111 тохиолдлыг холбон зуучилж, аялалаа зогсооход ятган үйлчилгээ үзүүлсэн нь хамгааллын системийн үр нөлөөг харуулж байгаа юм.

Замын-Үүд, Алтанбулаг, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг боомтуудад хийгдсэн ажиглалт хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулж байгаа ч салбар хоорондын уялдааг улам сайжруулах шаардлагатайг оролцогчид онцлов. Түүнчлэн хүн худалдаалах эрсдэлтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэл солилцох үйл явц илүү нягт, шуурхай байх ёстой. Тиймээс байгууллагуудын зохицуулалтыг тодорхой болгож, нэг журамтай ажиллах нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдлээ.

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл