ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭН ЕБС-УУЛИУДАД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2026-08-31 16:09:20

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сургуулийн орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилсан “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төслийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд есдүгээр сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд хамгаалагч цагдаа ажиллаж, сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, хүүхэд хамгааллын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллана.

Монгол Улсад сүүлийн  таван жилд хүүхэд хохирсон 10665 гэмт хэрэг бүртгэгдсэн ба үүнээс сургуулийн орчинд 1228 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сургуулийн орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Мөн сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Тиймээс хүүхэд хамгаалагч цагдаа ажилласнаар үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай хамгааллын арга хэмжээг цаг алдалгүй авах, хүүхдийг холбогдох үйлчилгээтэй шуурхай холбох, сургуулийн орчны аюулгүй байдлыг сайжруулах боломж бүрдэх юм.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэхүү эрхийг хангахад төр, боловсролын байгууллага, гэр бүл, иргэн бүрийн хамтын оролцоо чухал. Иймд хүүхдийн эсрэг аливаа эрсдэл, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, зөрчлийг үл хайхралгүй, холбогдох байгууллагад цаг алдалгүй мэдээлж, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх үйлсэд идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл