СУРГУУЛИЙН ОРЧИНД ҮЙЛДЭГДДЭГ ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХАД НЭГДСЭН БОДЛОГО, УЯЛДАА ХОЛБООТОЙ АЖИЛЛАХААР БОЛОВ

2026-09-08 16:11:32

Цагдаагийн байгууллагын мэдээллээр сүүлийн зургаан жилийн хугацаанд сургуулийн орчинд нийт 1228 гэмт хэрэг бүртгэгдсэнээс төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд 940, хувийн өмчийн сургуульд 288 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар энэ хичээлийн жилээс сургуулийн орчинд “Хүүхэд хамгаалагч цагдаа”-г ажиллуулж эхлээд байгаа юм.

ГХУСАЗЗ-ийн Ажлын албанаас сургууль орчмын бүсэд хүүхэд хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж буй “School police”, “Хүүхэд хамгаалагч цагдаа” нарын ажлын уялдааг хангах, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний нэгдсэн бодлогыг хэлэлцэхээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

1980 онд хүүхдүүд хулгайлах болон зодолдох гэсэн хоёр төрлийн гэмт хэрэг 50 орчим бүртгэгддэг байжээ. Гэтэл 2024 онд 2880 гэмт хэрэг бүртгэгдэх болж хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо 57.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүний 1250 нь сургуулийн орчинд үйлдэгдэж байна.

2026-2027 оны хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд 717 улсын, 183 хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулна. Тэдгээрээс эрсдэл бүхий  ерөнхий боловсролын сургуулиудад 36 “Сургуулийн цагдаа”-г ажиллуулна. Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтэл, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа хэмээн ЦЕГ-ын УСА-ны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм.

Үүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх А.Бүрэнбаатар сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийн талаар танилцуулав.  

Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдын Эрх зүйт төр-иргэний итгэлцлийн реформын хамгийн чухал зүйл нь иргэн төвтэй байх юм. Сүүлийн үедари хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэгтэй холбоотой хэрэг зөрчил их болсон. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд их өртөж байна. Өнөөдөр 99118 сурагчаас утаат болон электрон тамхи хэрэглэдэг эсэх талаар судалгаа авахад 34889 буюу 35.1 хувь нь  ямар нэг байдлаар хэрэглэдэг гэсэн байна. Мөн 554 сурагч эм бэлдмэл хэрэглэдэг гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, сургуулийн орчинд хар тамхи, мансууруулах бодис, түүнтэй адилтгах эм бэлдмэл, цахим орчинд үйлдэгдэж буй дээрэлхэлт аюулын хэмжээнд хүрсэн байна. Тиймээс ирээдүй хойч үеэ эдгээр зүйлсээс хамгаалахад “Хүүхэд хамгаалагч цагдаа” чухал үүрэгтэй. Та бүхний санал хүсэлтийг сонсож, хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр ирсэн алба хаагчид, дүүргийн ИТХ-ын дарга нар санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Монголын сурагчдын холбооноос “School police хөтөлбөрийг сургуулийн цагдаатай уялдаа холбоотой ажиллуулах саналыг тавьсан юм. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн цагдаа хууль хүчний байгууллага хариуцах бус бүгдээрээ нийлж, нэгдсэн бодлого, уялдаа холбоотой ажиллахыг энэ үеэр оролцогчид хэлж байлаа.

Эдгээр саналыг ГХУСАЗЗАА болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, цаашид хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

“Сургуулийн цагдаа” нь сургуулийн орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, хүүхдэд учирч болзошгүй эрсдэл, зөрчил, асуудлыг илрүүлэх, багш, эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн эрх, аюулгүй байдал, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, эрсдэлт нөхцөлд байгаа болон хамгаалал шаардлагатай хүүхдийг илрүүлэн холбогдох хүүхэд хамгааллын байгууллага, үйлчилгээнд холбон зуучлах, албан тушаалтанд мэдээлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Түүнчлэн “Хүүхэд хамгаалагч цагдаа”-г ажиллуулснаар сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах өдөр тутмын хяналт, ажиглалтыг сайжруулах, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил, хулгайлах төрлийн гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг эрсдэлийг эрт илрүүлж, холбогдох байгууллагад мэдээлэх, урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл