ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ 2021-2024 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажлын  удирдах зөвлөл нь анх 1965 онд аймаг, хотын намын хорооны дэргэд байгуулагдаж, улмаар 1974 онд Прокурорын байгууллагын харьяанд, 1987 онд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэд, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд, мөн онд Монгол Улсын Засгийн газрын дэргэд Шадар сайдаар ахлуулан ажиллаж байсан.

Харин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь 1995 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд, 1996 онд  Хууль зүйн сайдад гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, бодлого зохицуулалтын ажлыг хариуцуулсантай холбогдуулан Нийгмийн дэг журмыг хангах зөвлөл, түүний ажлын албыг тухайн үеийн Хууль зүйн яамны харъяанд байгуулж, 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 06 дугаар зарлигаар Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус батлан, улмаар 2001, 2004, 2005 онд бүрэлдэхүүнд тус тус өөрчлөлт оруулж байсан байна.

1996-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэд ажиллаж байсан Ажлын албыг 2012 онд татан буулгаж, чиг үүргийг нь тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт харьяалуулсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 134 дүгээр зарлигаар дахин баталсан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажиллах ба орон тооны ажлын албатай байна” гэж хуульчилж, Засгийн газрын 2020 оны 107 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-аар зохицуулах зөвлөлийн Ажлын алба, түүний чиг үүргийг тогтоосон.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль шинэчлэн батлагдаж, өмнөх дүрмээр зохицуулагдаж байсан зарим харилцаа хуульчлагдаж, Зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/173 дугаар тушаалаар шинэ бүтэц, хуулийн этгээдийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 53 дугаар зүйл, Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ын 2.2 дахь хэсэгт заасны дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлох баримт бичгийг боловсруулсан.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулахад туслах, энэ чиглэлээр гарсан хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангуулах, зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангах, өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх, дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үндсэн чиг үүрэгтэй.

Мандатын шинжилгээ:

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэд болон салбар зөвлөлүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах, олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг цогц байдлаар хэрэгжүүлэх чиглэлээр дараах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

1.Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд: Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг холбогдогч талуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллана.

2.Төсөв, санхүүгийн хүрээнд: Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Шилэн дансны тухай болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд төсвийн шууд захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэн албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг зохицуулна.

3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын хүрээнд: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулиудын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах чиглэлээр нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр дээд байгууллагаас гаргасан хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангуулах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах үндсэн чиг үүрэгтэй.

            Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр улсын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд болон салбар зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамран гэмт хэргийн хор уршгийг ухуулан таниулах зорилгоор контент, нэвтрүүлэг, шторк, сурталчилгааны материал бэлтгэх түгээх, олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг, мэргэжил арга зүйн үзүүлэх туслалцаа үзүүлэх зэргээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн.

Алсын хараа: Аюулгүй, амар тайван, эрх зүйн ухамсарт нийгмийг бэхжүүлэх.

            Эрхэм зорилго: Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр олон нийтийн оролцоонд тулгуурлан, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, эрх зүйт нийгмийг төлөвшүүлэхэд оршино.

Стратегийн зорилго: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь 2021-2024 он хүртэлх хугацаанд дэвшүүлж буй эрхэм зорилгод хүрэхээр стратегийн төлөвлөгөө боловсруулсан бөгөөд санхүүжилтийг улсын төсөв, төсөл хөтөлбөр, гадаад, дотоодын байгууллагын хуульд харшлаагүй хандив, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

Зорилт -1: Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалт, хүмүүжлийн шинж чанартай нийтлэг арга хэмжээний үр нөлөө /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэл/-г дээшлүүлэх.

1.1.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулсан эрх зүйн орчин, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;

1.2.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон улсын сайн туршлага, арга зүй, инновацыг нэвтрүүлэх;

1.3.  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнал, хяналтын эрх зүйн орчин, үр нөлөөг нэмэгдүүлэх;

1.4.  Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тодорхойлон иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах арга хэмжээ зохион байгуулах.

Зорилт-2: Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээний үр нөлөө /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай чиглэл/-г дээшлүүлэх.

2.1    Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүний шалтгааныг нэгдмэл байдлаар судалж урьдчилан сэргийлэх ажлын арга барил, хандлагыг шинэчлэх чиглэлээр бодлого тодорхойлж, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

2.2    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бодлогын нэгдмэл байдлыг хангах;

2.3    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч этгээд /салбар болон  дэд зөвлөл/-ээс гэмт хэргийн нөхцөл байдал, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх;

2.4    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилга, үр дүнтэй ажилласан хуулийн этгээд, иргэний үйл ажиллагааг дэмжих.

Зорилт-3: Тодорхой этгээд гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний зан үйл, ёс суртахуунд нөлөөлөх, түүнээс гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй шалтгаан, нөхцөлийг арилгахад чиглэсэн цогц арга хэмжээний үр нөлөө /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн чиглэл/-г дээшлүүлэх.

3.1     Тодорхой этгээд гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний зан үйл, ёс суртахуунд нөлөөлж, төлөвшүүлэх, нийгэмшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Зорилт-4: Хүн, хуулийн этгээдийг гэмт халдлагаас хамгаалах, түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий гэмт хэрэг, зөрчилд өртөх, хохирох эрсдэлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн цогц арга хэмжээний үр нөлөө /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл/-г дээшлүүлэх.

4.1    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээрх хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх;

4.2    Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээсэн үүргийг таниулах чиглэлээр контент, ном, товхимол, гарын авлага боловсруулах, түгээх;

4.3    Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, үр нөлөөг тооцох;

4.4    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл,  мэдээллийн  байгууллага,  нийгмийн сүлжээг өргөнөөр ашиглах. 

Зорилт-5: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон  нийтийн оролцооны үр нөлөөг дээшлүүлэх.

5.1    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөлтийн үе шатанд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах;

5.2    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг урамшуулах механизм бүрдүүлэх.

Зорилт-6: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Салбар зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах.

6.1    Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнахдаа иж бүрэн, үнэн зөв, ил тод, үр ашигтай байх зарчмыг мөрдлөг болгох;

6.2    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналыг улсын хэмжээнд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиглэлээр мэргэжлийн, нэгдмэл, хариуцлагатай байх зарчмыг төлөвшүүлэх;

6.3    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшсэн, тогтвортой хүний нөөц бүрдүүлэх, чадавхыг дээшлүүлэх, урт хугацаанд тэдэнд дэмжлэг үзүүлэх хүний нөөцийн бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлэх;

6.4    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэх.

6.5    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, программ хангамж зэргийн нөөц, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж жил бүрийн төсвийн төсөлд тусгуулж, шийдвэрлүүлэх.

Хэрэгжүүлэх үе шат:

1-р үе шат: 2021-2022 он

2-р үе шат: 2023-2024 он

Хүрэх үр дүн:

  1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн арга хэмжээний үр нөлөө дээшилсэн байна.
  2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагнал, хяналтын үйл ажиллагааны уялдаа холбоо хангагдаж, нэмэгдсэн байна.
  3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа, үүрэг хариуцлага дээшилсэн байна.
  4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор аюулыг ухуулан таниулах чиглэлээр олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээр иргэд, олон нийтийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, зан суртахуун, чадвар нэмэгдсэн байна.
  5. Стратегийн зорилтыг үр нөлөө, үр ашигтай хэрэгжүүлснээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны мэргэшсэн, тогтвортой ажиллах дотоод гадаад орчин бүрдсэн байна.

 

© 2025 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл