ЦАХИМ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2026-09-11 16:29:06

Өчигдөр гэртээ фэйсбүүк гүйлгэж байтал “Хусдаг сугалаа” нэртэй лайв гараад ирэхээр нь сонирхоод харлаа. Гэтэл хүмүүс хусдаг сугалаа худалдаж аваад мөнгө хожоод байна. Гэрэлмаа гэх бүсгүй мөнгө хожоод тэд Хаан банкаараа нүдэн дээр мөнгө шилжүүлээд байв. Ингэхээр нь найдвартай юм байна гэж итгээд 400 мянган төгрөгөөрөө найман ширхэг сугалаа автал “Та 50 сая төгрөгийн эзэн боллоо чатаар ороод ир” гэх нь тэр. Гэтэл “Манайх олон улсын банк тул гүйлгээ хийхийн тулд мөнгөнийхөө 10 хувь буюу таван сая төгрөг шилжүүл” гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан учраас “Та нар наад мөнгөнөөсөө суутгаад авчих” гэхэд болохгүй гэсэн.

Ингээд найзаасаа 2.7 сая төгрөг зээлээд “Одоо надад байгаа нь энэ байна” гээд өгсөн. Харин нөгөө талаас “Бид банктай яриад хямдруулчихлаа. Олон улсын гүйлгээ тул мөнгө нь орой дансанд нь орно” гэв. Тэр үед би итгээд л орхисон. Орой нь нөгөө хаяг руу  чат бичтэл намайг блоклоод алга болчихсон. Би ингээд өөрийнхөө байсан мөнгөөр сугалаа авахаас гадна өрөнд орчихлоо. Монгол хүмүүс нэгнийгээ залилаад ямар муухай болсон юм бэ” гэх хусдаг сугалаанд оролцож хохирсон иргэн ЦЕГ-т ханджээ. Энэ мэтчилэн янз бүрийн залилан явагдах болж нэжгээд хугацаа өнгөрч байна.

Тухайлбал, наймдугаар сарын 27-ны өдөр буюу хоногт залилах төрлийн 15 гэмт хэрэг ЦЕГ-т бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Тэгвэл цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

Кибер аюулгүй байдлын экспертүүдийн үзэж байгаагаар цахим залилангийн ихэнх тохиолдол техникээс бус, хүний анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, залилан этгээдүүд төрийн байгууллага, банк, хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааны байгууллагыг дуурайлган хуурамч холбоос илгээж, иргэдийн нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодыг авахыг оролддог.

Иймд иргэн бүр дараах аюулгүй байдлын энгийн дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Цахим орчинд хувийн мэдээллээ хэнтэй ч бүү хуваалц!

Утасны дугаар, нууц үг, баталгаажуулах код, гэрийн хаяг, байршил, банкны болон картын мэдээлэл, иргэний үнэмлэх, бичиг баримтын мэдээллээ нууцлахыг зөвлөж байна. Танихгүй хүнээс ирсэн холбоос дээр дарахгүй байх, банкны картын дугаар, CVV код, интернэт банкны нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодыг хэнд ч өгөхгүй байх, гар утас, компьютерийн программ хангамжаа тогтмол шинэчилж байх нь эрсдэлийг бууруулна.

Түүнчлэн сошиал сүлжээнд хувийн мэдээлэл нийтлэхгүй байх, аливаа мөнгөн шилжүүлэг хийхээсээ өмнө мэдээллийн үнэн зөвийг давхар нягталж хэвших нь зүйтэй. Хэрэв таны цахим хаяг халдлагад өртсөн, эсвэл цахим залилангийн хохирогч болсон бол нууц үгээ нэн даруй сольж, банкандаа мэдэгдэн гүйлгээгээ зогсоох арга хэмжээ авч, хамгийн ойрын цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэй.

 

 

 

© 2026 он. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл